Зүүн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр 2024 оны I улиралд 50МВт-аар нэмэгдэнэ
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралтын талбайд /2023.12.05/ ажиллалаа. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд төслийн талбайд бүрэн буусан бөгөөд нийт гүйцэтгэл 92%-тай явагдаж байгаа талаар төслийн нэгж танилцуулсан. Үлдсэн ажлыг 2024 оны I улиралд багтаан дуусгаж, сүлжээнд залгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Өргөтгөлийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “TBEA” ХХК гүйцэтгэж байгаа юм. Төслийн талбайд өнөөдрийн байдлаар нийт 300 орчим Монгол, Хятад, Вьетнам ажилтан уртасгасан цагаар ажиллаж байна.
Дэд сайд М.Баярмагнай “Монгол Улсын зүүн бүс нутагт өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжсэнээр уул уурхай, ашигт малтмал, аж үйлдвэрлэл болон орон нутгийн хөгжилд өндөр ахиц гарна. Төсөл хэрэгжих хугацаанд цар тахал удаан хугацаанд үргэлжилсэн ч ажил зогсолгүй үргэлжилж, гэрээний хугацаанд сүлжээнд залгахаар ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ. Мөн төслийг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Туршилтууд хийгдэж, сүлжээнд залгах үеийн төлөвлөгөөг нарийн боловсруулж батлуулахыг мөн даалгасан юм.
Өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд инженер техникийн ажилчдыг давхар бэлдэх, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг хүний нөөцийн чиглэлд давхар анхаарч байгааг хэллээ.
Сэтгэгдэл