Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байна
A- A A+
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын ээлжит хурлыг хуралдуулж, ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллав.
Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэв.
Хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөнд зайлшгүй байх шаардлагатай сэлбэг материалаа бүрэн ашиглаж үндсэн болон туслах тоноглолуудынхаа засварыг хийж байгаа боловч энэ нь тухайн ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна.
Эрчим хүчний нүүрс олборлогч /Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол/ уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэслэгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд орж, улмаар уулын ажил зогсох нөхцөл үүсээд байгаа талаар хэлэлцэж, тухайн асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр болов.
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар 72%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
• Эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,
• Дулаан хангамжийн шугам сүлжээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад хяналт тавьж, ашиглалтад оруулах;
• Бараа материалын захиалга, тээвэрлэлтээс шалтгаалсан үндсэн тоноглолын их засварын ажил удааширч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлж, шийдэл гаргаж ажиллах;
• Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлэх;
Сэтгэгдэл